Томоохон суурин газруудыг тогтвортой хөгжүүлэхийн тулд найдвартай ус хангамжийн эх үүсвэрийг хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байдаг. Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж, усны хэрэглээ тогтмол өсөж байгаа хэдий ч, одоогийн эх үүсвэрүүдийн нөөц хязгаарлагдмал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан ус хангамж алдагдах эрсдэл нэмэгдсээр байна.
Иймд газар доорх болон гадаргын усны судалгааг эрчимжүүлж, ашиглалтын нөөцийг баталгаажуулах замаар Улаанбаатар болон дагуул хотуудын усан хангамжийг урт хугацаанд найдвартай, тогтвортой болгох зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL компани техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 90 хувьд хүрээд байна. Төслийн хүрээнд 50–100 сая метр куб ус хуримтлуулах хүчин чадалтай, 685.15 метр урт, 35.8 метр өндөр далан барих бөгөөд нийт 5569 метр кв талбайд хэрэгжинэ.
Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар, дагуул хотуудын ус хангамжийн асуудал бүрэн шийдэгдэх төдийгүй Туул голын урсацыг хадгалж, тасрах эрсдэлээс сэргийлэхийн зэрэгцээ нийслэлийг үерийн аюулаас хамгаалж, томоохон усан толио, нуур үүсгэн ууршилтаар дамжуулан орчны экологид эерэг өөрчлөлт авчирах юм. Цаашлаад хот төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалтын бүсүүдийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах ач холбогдолтой.
Дашрамд дурдахад KPIL (Kalpataru Projects International Limited) нь 19,000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд цэвэр ус хүргэсэн бөгөөд 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм