Сүүлийн үед Telegram дээр “SHEIN”, “Amazon”, “TikTok” гэх мэт алдартай брэндийн нэр ашигласан хуурамч аккаунтууд иргэдийг төөрөгдүүлэн, “даалгавар хийж мөнгө олох” нэрийн дор залилан хийх тохиолдол нэмэгдэж байна.
Залилагчдын арга барил:
1. Эхлээд өөрсдийгөө “SHEIN-ийн багш, туслах, сургагч” гэх мэтээр танилцуулна. 2. Иргэдээс дугаар, хувийн мэдээлэл авахыг оролддог. 3. Жижиг даалгавар өгч, бага хэмжээний ашиг (жишээ нь 10–50 мянган төгрөг) буцаан шилжүүлнэ. 4. Итгэл төрсний дараа илүү их мөнгө оруулахыг шаардаж, “илүү ашиг өгнө” гэж амлана. 5. Том хэмжээний мөнгө оруулсны дараа “татвар, хураамж” гэх шалтгаанаар дахин мөнгө нэхэж, эцэст нь мөнгийг буцаахгүйгээр алга болдог.
Яагаад энэ бол залилан вэ?
• SHEIN болон бусад олон улсын брэндүүд Telegram-аар ажил санал болгодоггүй. • Албан ёсны ажилд хэзээ ч эхлээд мөнгө хийхийг шаардахгүй. • “Даалгавар гүйцэтгээд ашиг олно” гэх санал нь залилангийн түгээмэл арга. Иргэдэд өгөх зөвлөгөө: • Ийм төрлийн саналд хууртаж, хувийн мэдээллээ өгөхгүй байх. • Ямар ч нөхцөлд мөнгө шилжүүлэхгүй байх. • Хэрэв аль хэдийн мөнгө алдсан бол банкны картынхаа хэрэглээг хааж, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандах. • Найз нөхөд, гэр бүлийнхэндээ сэрэмжлүүлж, мэдээллийг түгээх.
Иргэд минь, “түргэн мөнгө олох” санал болгон үнэн байдаггүй. Хуурамч аккаунтууд бидний итгэлийг ашиглаж, бага мөнгөөр итгүүлээд, ихийг залилдаг гэдгийг мартаж болохгүй.