Мухартын гол нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, аймгийн төвөөс 110 км-ийн зайд байрладаг. Гол нь Бор хярын элсний өмнө талд голдирлоосоо 450 м өндөр элсэн манхнаас эх авч, 8.2 км урссаны дараа элсэн манхан дор шургадаг онцлогтой.
Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм.
Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас 2021-2024 онд Мухартын голд судалгаа хийжээ. Судалгаагаар голын дунд хэсэгт усны түвшин 5 см-ээр буурч, урсгалын хурд 0.2-0.4 м/с-аар багассан байна.
Мөн эх аван урсаж буй элсэн манхны өндөр дунджаар 3.5 м өөрчлөлттэй, түрэлт дунджаар 5.2 м урагшилжээ.
Жил бүр дотоод, гадаадын 8,000-10,000 орчим жуулчид Мухартын голыг зорьдог. Аялагчид элсэн манхны орой дээрээс гулгаж, голын эх, ундаргыг дарж байгаа нь урсгалын хурд, усны түвшинд нөлөөлж байна. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэй голуудын усны түвшин буурах үзэгдэл Мухартын голд илэрч байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зүгээс Мухартын голын ундаргыг хамгаалах, усны урсцыг нэмэгдүүлэх, голын экосистемийг хадгалах чиглэлээр бодлогын түвшинд ажил зохион байгуулж, Усны газрын удирдлагад үүрэг болгосон байна.