Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Баянхөндий уурхай аж үйлдвэрийн цогцолбор төсөл ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монгол улсын эрдэнэсийн санд тушаах арга хэмжээ боллоо.
Уг үйл ажиллагаанд Монгол Улсын ЗГ-ыг төлөөлж Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Монголбанк, Баянхонгор аймгийн удирдлага, Канад улсын элчин сайдын яам холбогдох бүрэлдэхүүний хамт оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг Монголбанкинд хүлээлгэн өглөө.
Уг орд газар дээр Канад Улсын хөрөнгө оруулагчдын нийт 500 гаруй тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалтаар 1400 гаруй монгол залуусын гараар бүтээн босгосон уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамж дэд бүтцийн аж үйлдвэрийн цогцолбор баригдсан байна.
Энэхүү төсөл нь ашиглалт үйлдвэрлэлийн шатанд 400-500 орчим ажлын байр шинээр бий болгож, түүний 50 орчим хувийг аймаг орон нутгийн залуусаас сургаж бүрдүүлэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Монгол улсын эрдэнэсийн санд тушаана.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт шинэ хуудас нээж буй энэхүү цогцолбор төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд жил тутам олборлон боловсруулж Монголбанкинд тушаагддаг алтны 15 хүртэл хувийг үйлдвэрлэхээр зорьж ажиллах юм байна.












































































