Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөллөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тэрбээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хилийн цэс дээр давхацдаг Хонгорын давааны асуудлыг хөндсөн юм.
Иргэдийн төлөөллөөс “Сэлэнгэ аймгийн хэмжээнд Засгийн газрын хурлын тэмдэглэл гэдэг албан бичигт үндэслэж, төрийн бүх ажлыг шийддэг. Б.Жавхлан, Г.Дамдинням сайд нарын шууд хаанчлал энд үйлчилж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очиж өөрсдийн дураар аашилдаг.
Газрын маргаан бол гол сэдэв. Ерөө суманд Болд төмөр ерөө голоос хоёр дахин их төмрийн хүдрийн нөөцтэй ордод Г.Дамдиннямын санаархал явж байгаа гэдгийг хэлье.
Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө сум хооронд бол хилийн цэсийн маргаан олон жил үргэлжилж байгаа. 2018 онд Ерөнхий сайдын захирамж гарч, энэ асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн боловч Г.Дамдиннямын ашиг сонирхлоор маргаантай хэвээр л байна” гэж ярилаа.
Түүний хэлснээр, Хонгорын даваа нь Сэлэнгэ аймгийн нутагт хамаарна гэж бичиг баримтаар нэгэнтээ шийдвэрлэгдсэн байдаг. Гэвч ойролцоох төмрийн хүдрийн ордод санаархаж, Г.Дамдинням, Б.Жавхлан нар Хонгорын давааг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хамааруулах хүсэлтэй байгаа бололтой.