Мэргэжлийн сүмогийн таван өдөр үргэлжилсэн тусгай тэмцээн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн ялалтаар өндөрлөлөө.
Английн нийслэл Лондон хотод болсон тус тэмцээнд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн нэг ч унаагүй юм. Тэмцээний сүүлийн өдөр ижил амжилттай явсан ёкозүна Оносатог ялснаар аваргалсан.
Ингэснээр хоёр их аваргын сүүлийн 10 барилдааны наймд нь монгол ёкозүна илүүрхлээ.
Зөвхөн дээд зиндааны бөхчүүд “Royal Albert Hall” ордонд зодоглосон тус тэмцээнд манай улсын таван бөх зодоглолоо.
Тодруулбал ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгээс гадна сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, маэгаширагийн нэг дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, маэгаширагийн зургаа дахь бөх Онокацү Б.Чойжилсүрэн, маэгаширагийн долоо дахь бөх Оошёоүма П.Дэлгэрбаяр болон ОХУ-ын нэр дээр барилдаж буй маэгаширагийн 11 дэх бөх Роога А.Амартүвшин нар оролцсон юм.
“The Grand Sumo Tournament” тусгай тэмцээн анх 1991 онд Лондонд болж байв. Японы нутгаас гадна зохиогдсон анхны олон өдрийн тэмцээн байлаа.
Японы уламжлалт баярын өдрийг тохиолдуулан Лондонд болсон тус тэмцээнд ёкозүна Асахифүжи, Хокүтуоми болон хавайн арлын үлэмж биет озеки Конишики тэргүүтэй 40 бөх зодоглож байжээ.