Засгийн газрын гишүүдийг зодолдсон гэх мэдээллийг өчигдөр Фэйсбүүк дэх нэр бүхий хуудаснууд нийтэлсэн.
Тухайлбал Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр нар зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээсэн гэсэн байв.
Энэ талаар өнөөдөр сэтгүүлчид Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодруулав. Тэрбээр “Д.Батлут сайд хагалгаанд орсон. Бүсэлхийн гуравдугаар нугалам нь их том бяцарсан. Хагалгаа хийж цементээр орлуулсан. Нуруу хугарсан учраас босож чадахгүй байгаа. Миний эгэм хугарсан учраас сойгоод явж байна.
Манайхан их хөгжилтэй юм тавьсан байна лээ. Эрдэнэтэд гэмтсэн хүнийг Улаанбаатарт байгаа хүнтэй зодолдсон гээд, одоо чинь бүр “онлайнаар зодоон хийдэг” болсон юм шиг байна. Ийм худал мэдээлэл хэрэггүй” гэв.









































































