“Сансар гарден” цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай скочдож, хүлсэн гэх асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудастаа “ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Сансар гарден” цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд, цэцэрлэг ажиллаагүй бөгөөд гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан. Тус байгууллагын эрхлэгч нь жирэмсний амралттай, цэцэрлэг хоёр бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, нэг бүлгийн багш, нэг туслах багш, нэг тогоочтой үйл ажиллагаа явуулж байна.
Энэ сарын 11-нд эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж ХУД-ийн цагдаад мэдэгдсэн.
Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өгсөн” гэв.
Мөн тэрбээр “Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой. Ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно” гэжээ.









































































