Өндөр халуурч, гүйлгэж, бөөлжүүлдэг вирусийн дэгдэлт их байна

Хүүхдүүд халуурч бөөлжих, суулгах шинж тэмдэгтэй ирж байна

Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд ханиад томууны дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд олны хөлд дарагдаж, эмч нарын ажлын ачаалал эрс нэмэгддэг нь бичигдээгүй дүрэм болчихсон гэхэд хилсдэхгүй. Энэ жишгээр манай улсад улирлын томуу идэвхжилийн түвшинд байна. Эмнэлэгт хандсан 281624 хүний 14308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Амбулаториор нийт 281624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь /14308/ нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь /4908/ нь, орон нутагт 65.6 хувь /9400/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байжээ.

Эмнэлэгт 7084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь /594/ нь, орон нутагт 55.7 хувь /748/ нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.

Энэ удаа зонхилон тохиолдож байгаа вирус нь олон өдрөөр хүүхдийн биеийг ядрааж, хэт өндөр халууруулж, гүйлгэх, суулгах зэрэг шинж тэмдэгтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хоногт яаралтай тусламжийн тасгаар хоногт 500 гаруй хүүхэд үзүүлж байгаагийн тал хувь нь томуу, томуу төст өвчний улмаас хандаж байгааг ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эмч Б.Гүен мэдээллээ. Тэрээр “Хүүхдүүд маш өндөр халууруулж, толгой маш их өвтгөж, гүйлгүүлж, суулгуулж байна. Мөн бөөлжиж байна. Ягаан дэвтэр дээр аюултай ерөнхий шинжийг тодорхой заасан байдаг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай” гэв.

Нийгэм, эдийн засгийн хүндрэл

Томууны тархалт эрс нэмэгдэх нь эрүүл мэндийн байгууллагуудад төдийгүй нийгэм, эдийн засагт ч хүндрэлтэй. Эцэг, эх асран хамгаалагч нарын ажлын бүтээмжид нөлөөлнө, хүүхдүүдийн сургалт, хүмүүжилд тусгүй гэхчлэн дурдаад байвал олон бэрхшээл нэрлэх боломжтой. Санхүүгийн байдалд ч хүндрэл учруулдаг. Тухайлбал, нэг хүүхдийн ханиадыг эдгээхэд багадаа 100 орчим мянган төгрөгийн эм, тарианд зарцуулдаг. Хүүхдийн тоо нэмэгдэх хэрээр шаардлагатай эм, тан, мөнгө төгрөг ч өснө. Зарлагаас гадна хүүхэд ханиад хүрсэн үед заавал хүүхдүүдээ гэртээ харж ажлаасаа чөлөө авах, цаашлаад ажлаа хийх боломжгүйд хүрдэг. Манайд энэ асуудалд зохицсон уян хатан бодлого учир дутагдалтай. Уг нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед буюу арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл 0-6 насны хүүхэдтэй асран хамгаалагч нарт цалинтай 5 хоногийн чөлөө олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Уг нь сайн хэрэг. Гэвч энэ нь зөвхөн төрийн албаныханд хамааралтай. Хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүс хүүхэд өвдсөн эсэхээс үл хамааран ажлаа үргэлжлүүлэх хийхээс өөр сонголтгүй.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх боломжтой

Ханиад томуу бол агаар дуслын замаар халдварладаг өвчин. Тиймээс урьдчилан сэргийлэх боложмтой. Хамгийн сайн сэргийлэлт бол дархлаажуулалт юм. Өөр аргууд ч бий.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Related Posts

}

Шинэ мэдээ