БНХАУ жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч болон бусад хэрэгслийн худалдаанд 30 гаруй жилийн дараа анх удаагаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар шийдвэрлэжээ.
Тус улсын эдийн засгийн өсөлтийг доош татах эрсдэл учруулж буй төрөлтийн түвшний бууралтыг зогсооход чиглэсэн шинэ алхам нь энэ болж байгаа аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэрэглэгчид 1993 оноос хойш НӨАТ-гүй зарагдаж байсан дээрх бүтээгдэхүүнүүдэд 13 хувийн татвар төлөхөөр болсон байна. Тухайн онд Хятад улс “нэг айл-нэг хүүхэд” бодлогыг чанд хатуу хэрэгжүүлж, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүдийг идэвхтэй сурталчилж эхэлж байв.
Үүнээс гадна хуулийн өөрчлөлтөөр эцэг, эх болох төлөвлөгөөтэй иргэдийг цэцэрлэг, хүүхэд асран хамгааллын үйлчилгээний НӨАТ-аас чөлөөлөхөөр болжээ. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж, халамжийн төвүүд болон гэрлэлттэй холбоотой үйлчилгээний татвараас чөлөөлөх хөнгөлөлтийн арга хэмжээнүүд тусгасан байна. Шинэ өөрчлөлтүүд ирэх нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх аж.
Хүн ам нь хурдацтай хөгширч буй БНХАУ төрөлтийг хязгаарлах бодлогоос дэмжих бодлого руу томоохон шилжилт хийгээд байгаа юм. Тус улсын хүн ам гурван жил дараалан буурч, 2024 онд 9.54 сая төрөлт бүртгэгдсэн нь арваад жилийн өмнө “нэг айл-нэг хүүхэд” бодлого цуцлагдаж байсан үеийн төрөлтөөс 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Bloomberg tv mongolia









































































