Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гаргасан, Хондурас, Балба, Никарагуа улсаас ирсэн 60 мянга орчим цагаачийн “Түр хамгаалагдах статус”-ыг цуцлах тухай шийдвэрийг Калифорни муж улс дахь Холбооны шүүх хүчингүй болгожээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм зургаа, долоодугаар сард Хондурас, Балба, Никарагуа улсын иргэдэд дүрвэгсдийн статусыг түр олгох хөтөлбөрүүдийг зогсоосныг зарлажээ. Тэрбээр шийдвэрээ тайлбарлахдаа, “Эдгээр гурван улс нь байгалийн гамшгуудын үр дагаврыг даван туулсан” гэж мэдэгдсэн байна.
Долоодугаар сарын сүүлчээр Калифорни муж улс дахь тойргийн шүүхийн шүүгч Трина Томпсон дээрх гурван улсын иргэдэд “Түр хамгаалагдах статус” олгох хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулжээ.
Тэрбээр, урьдчилсан дүгнэлтдээ “Трампын засаг захиргаа эдгээр гурван улсад хэвээр байгаа тулгамдсан асуудлуудыг харгалзан үзээгүй, мөн хөтөлбөрийг цуцлах шийдвэр нь арьсны өнгөөр ялгаварлах, дайсагнахтай холбоотой байж болзошгүй” гэж үзсэн байна. Харин наймдугаар сард давж заалдах шатны шүүх уг тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлснээр Трампын засаг захиргаанд TPS хөтөлбөрүүдийг зогсоох боломжийг олгожээ.
Мөн Трампын засаг захиргаа TPS хөтөлбөрүүдийг зогсоохоор идэвхийлэн оролдож “Уг бодлого нь хууль бус цагаачлалыг өөгшүүлдэг, Ардчилсан намынхан засгийн эрхэнд байх хугацаандаа уг хөтөлбөрийг урвуулан ашигласан, хэтэрхий урт хугацаагаар сунгасан” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Афганистан, Камерун, Этиоп, Хаити, Мьянмар, Судан, Сири, Венесуэл зэрэг улсаас ирсэн хэдэн зуун мянган цагаачийг TPS-ийн хамгаалалтаас хасах шийдвэрийг гаргажээ.
Шүүхийн тус шийдвэр нь дээр дурдсан гурван улсаас ирсэн ногоон карт эзэмшигчдэд АНУ-д хууль ёсоор ажиллах боломжийг олгож, мөн тэднийг баривчлах, албадан гаргахаас сэргийлэх ёстой гэж Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь “Цагаачлалын эрх зүй, бодлогын төв”-ийг хамтран даргалагч Ахилан Аруланантам онцоллоо.
Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэд сайд Триша Маклафлин, “Шүүгчийн энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг булаан авахыг оролдсоор буй холбооны шүүхийн тогтолцооны бас нэгэн хууль бус шийдвэр” хэмээн тодорхойлов.












































































