Нийслэлийн болон дүүргүүдийн Татварын газрын дарга нар ажлаа тасалж гадаад руу явсан асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.01.09/ Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаранг дуудаж мэдээлэл авсан байна.
Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Дубай руу явах арга хэмжээнд Нийслэлийн Татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын газрын дарга нар явахаар болсон гэх мэдээллийг Нийслэлийн татварын газрын дарга надад өгсөн. Татварын ерөнхий газрын даргын хувьд энэ арга хэмжээнд татварын газрын дарга болон татварын албаны ажилтуудыг оролцуулах боломжгүй гэж мэдэгдсэн.
Ерөнхий сайдын албан даалгавар болон хэмнэлтийн хуулиудын хүрээнд гадаад, дотоод томилолтын зардлыг хэмнэхийг үүрэг болгосон учир гадаад руу явуулах боломжгүй гэж мэдэгдсэн.
Нийслэлийн Татварын газрын дарга ерөнхий газраас зөвшөөрөөгүй учир гадаад руу явах асуудлыг цуцалсныг дүүргүүдийн Татварын газрын дарга нарт дуулгаад, надад эргэж мэдэгдэнэ гээд гарсан. Гэвч маргааш нь Дубай руу явсан гэх мэдээлэл авсан. Өнөөдрийн байдлаар Татварын газрын дарга нар ирээгүй байна гэж Ерөнхий сайдад танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар даргынхаа шийдвэрийг зөрчиж, дураараа гадаад руу явсан дарга нарыг ажлаас чөлөөлөх үүрэг өглөө.










































































