Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
CNPC-ийн төлөөлөгчид Монгол Улсын зах зээлд шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгалах, нийлүүлэлтийг нэмэхэд компанийн боломж, төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог. ОХУ-аас 95 хувийг 5 хувийг БНХАУ-аас нийлүүлж байна. Сайдын албан ёсны айлчлалын хүрээнд импортыг нэмэгдүүлэхээр талууд хэлэлцэж, харилцан санал нэгдлээ гэж АҮЭБЯ мэдээлэв.











































































