Малайз улсад амь насаа алдсан Монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн гэр бүлээс тус улсын Засгийн газрын эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг Малайз улсын Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.
Давж заалдах шатны шүүх нь 2026.01.20-ний өдөр буюу өнөөдөр хуралдаж, анхан шатны шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд олгохоор тогтоосон 5 сая ринггитийн нөхөн олговрыг бууруулж, 1.38 сая ринггит болгох шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяагийн гэр бүлийн зүгээс шударга ёс бүрэн тогтоогдоогүй хэмээн мэдэгдэж, Малайз улсын Дээд шүүхэд дахин гомдол гаргах боломжийг судалж буйгаа илэрхийлсэн талаар Малайзын хэвлэлүүд мэдээлжээ.
Өмнө нь 2022 онд Шах Аламын Дээд шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлд Малайзын Засгийн газраас 5 сая ринггитийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч Засгийн газар нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатанд хандсан юм.
С.Шаарийбуу гуай охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг тогтоолгох, үнэн мөнийг ил болгохын төлөө сүүлийн 21 жилийн турш хуулийн байгууллагуудаар явж, олон улсын байгууллагуудад хандаж ирсэн билээ.










































































