АНУ-ын Техас мужийн саатуулах төвд саатуулагдаж байсан таван настай хүү, түүний эцэг хоёрыг суллаж, гэрт нь буцаасан талаар тус мужаас сонгогдсон Конгрессын гишүүн мэдээллээ. Тодруулбал өнгөрсөн сард Миннесота мужид хууль бус цагаачидтай тэмцэх ажиллагааны үеэр таван настай хүү Лиам Конехо Рамос болон түүний эцэг Адриан Конехо Ариас нарыг ICE-ын ажилчид саатуулсан.
АНУ-ын Засгийн газраас хүүгийн эцгийг 2024 оны арванхоёрдугаар сард хууль бусаар нэвтэрсэн гэж үзсэн. Харин Эквадор гаралтай гэр бүлийн өмгөөлөгч нь тэднийг АНУ-д орогнол хүсэгчийн статусаар буюу хууль ёсны дагуу нэвтэрсэн гэж мэдэгджээ.
ICE-ын ажилтнуудын хажууд хүү цэнхэр туулайны малгай өмссөн, хүн-аалзын цүнх барьсан зураг цахим сүлжээнд нийтлэгдсэний дараа олон хүн бухимдсан.
Иргэд “Хууль бус цагаачдыг албадан гаргахын тулд юу ч хийхээс буцахгүй, хүүхдэд сэтгэл зүйн хохирол учруулах нь ч эрх баригчдад хамаагүй байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Харин Дотоодын аюулгүй байдлын яамны зүгээс “Хүүгийн аавыг л саатуулах зорилготой байсан бөгөөд ээж нь хүүг өөр дээрээ авахгүй гэсэн тул хамт саатуулах шаардлагатай болсон” гэсэн тайлбар өгчээ.
Сүүлийн үед хууль бус цагаачидтай тэмцэх ажиллагааны үеэр холбогдох албаныхны гаргасан үйлдэл олон хүний эсэргүүцэлтэй тулж байна.
Тодруулбал энэ ажиллагааны үеэр хоёр хүн ажилтнуудын гарт амиа алдсан юм.
Эх сурвалж: Reuters








































































