
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Багахангай дүүргийн малчин Б.Жаргалсайхан, гэргий Ц.Дуламсүрэн нар “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх Засгийн газрын хүндэт шагналыг хүртлээ.

Шагналыг УИХ-ын Гишүүн С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн ХХААГ-ын төлөөлөл, Багахангай дүүргийн удирдлагууд гардуулан өглөө.

Улсын Аварга малчин Б.Жаргалсайхан нь 1989 оноос хойш үндэсний үржих баялаг болсон таван хошуу малаа адгуулан маллаж яваа удам дамжсан малчин хүн. Тэрээр гэргий Ц.Дуламсүрэнгийн хамт монголын эрс тэс цаг агаарт тэсвэртэй баянцагаан үүлдрийн хонийг Багахангай дүүрэгтээ нутагшуулан, өсгөн үржүүлж байна.

Тэд мал сүргээ эрүүлжүүлэх, даатгалд хамруулах, орон нутгийн хэмжээнд зохион байгуулдаг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол идэвхтэй хамрагдаж, эрүүл сүрэгтэн өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч иржээ.

Б.Жаргалсайхан нь эхнэр Ц.Дуламсүрэнгийн хамтаар залуу малчдыг бэлтгэх, түүх өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ирсэн бөгөөд 2021 оноос хойш гурван залуу малчныг малжуулан, мал маллах уламжлалт арга ухаанаа зааж сурган, үлгэрлэж явна.
Түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж

2018 онд “Нийслэлийн Тэргүүний фермер”

2022 онд Багахангай дүүргийн “Мянгат малчин”

2024 онд дүүргийн “Сайн малчин”

2024 онд “Алтан төлийн эзэн”

2026 онд “Улсын аварга малчин” аар тус тус шагнажээ.