УНТЭ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Н.Лхажий-г 2020 онд тухайн үеийн салбарын сайд нь чөлөөлжээ. Захирал Н.Лхажий хууль бусаар чөлөөлөгдсөн хэмээн шүүхэд хандсан байна. Шүүхийн маргаан шат шатны шүүхээр хянагдан зургаан жилийн турш үргэлжилсний эцэст 2026 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Н.Лхажий-г ажлаас чөлөөлсөн нь хууль бус шийдвэр байсан гэх дүгнэлт гаргажээ.
УНТЭ-ийн өмнөх даргын томилгоо хууль бус байсан тухай Улсын дээд шүүхийн шийдвэр Эрүүл мэндийн яаманд ирсэн учир Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор тус яамны Удирдах зөвлөл 2026 оны 1-р сарын 30-ны өдөр хуралджээ. Удирдах зөвлөлийн хурлаар тус эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг чөлөөлж, Н.Лхажийг хашиж байсан албан тушаалд нь эргүүлэн томилсон байна.
Н.Лхажий нь УНТЭ-ийн захирлаар томилсон шийдвэрийг хүлээн авсан ч удалгүй албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд уг ажлаа үргэлжлүүлэн хийж, хөдөө орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр нэр төрөө сэргээлгэх зорилгоор анх шүүхэд хандсан бөгөөд шүүхээс шударга шийдвэр гарсан тул зорилгодоо хүрсэн гэж үзсэнээ УНТЭ-ийн Удирдах зөвлөлд тайлбарлажээ.
“Эмнэлгийн Удирдах зөвлөл түүний хүсэлтийг хүлээн авсан. Эмнэлгүүдийн захирлыг Эрүүл мэндийн сайд томилохгүй. УНТЭ-ийн ерөнхий захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана” гэж Ж.Чинбүрэн сайд мэдэгджээ.











































































