Роб Йеттений шинэ засгийн газар өчигдөр тангараг өргөснөөр тэр Нидерланд улсын түүхэнд төрсөн хамгийн залуу ерөнхий сайд болжээ.
38 настай тэрбээр бас ижил хүйстэн болохоо ил тод зарласан тус улсын анхны ерөнхий сайд болсон юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон сонгуульд түүний тэргүүлдэг Ардчилал 66 (D66) нам цөөн тооны саналын илүүгээр Исламын эсрэг үзэлтэн Герт Вилдерсийн популист намыг ялсан.
Гэхдээ засгийн газар байгуулахад хангалттай парламентын суудал аваагүй тул Йеттений нам нь Ардчилсан Нам, Христийн Ардчилсан Холбоотой хамтарсан баруун төвийн эвслийн засгийн газар байгуулжээ.
Цөөнхийн засгийн газар байгуулагдсан тул батлан хамгаалах салбарын нэмэлт 19 тэрбумын төсөв, нийгмийн халамж, эрүүл мэндийн төсвийн таналт зэрэг эмзэг асуудлуудыг Нидерландын парламентын хоёр танхимын санал хураалтаар шийдвэрлүүлэхээр болж байна.
Шинэ засгийн газар нь бас гадаадын цагаачдын тоог хязгаарлах, дүрвэгсдийг Нидерландад ирүүлэлгүй, гадаадад байхад нь орогнох хүсэлт авдаг болохыг зорьж байгаа.
Дүрвэгсдийн асуудал Нидерландын улс төрийн онцгой эмзэг асуудал болоод байгаа бөгөөд сүүлийн хоёр засгийн газрын уналтад нөлөөлсөн юм.
Ерөнхий сайд Дик Шуфийн тэргүүлсэн өмнөх танхим Нидерландын түүхэн дэх хамгийн богино настай засгийн газруудын нэг байв.
Сонгуулийн кампанит ажлын турш Йеттений бэлгийн чиг баримжаа хүмүүсийн анхаарлыг бараг татаагүй нь Нидерландын нийгэм бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрдөг болсныг харуулж байв.
Гэхдээ тэр дэлхийн хэмжээнд ижил хүйстэн болохоо ил тод зарласан маш цөөхөн удирдагчдын нэг болж байна.
Эх сурвалж: BBC










































































