Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарласан талаар тодруулж байна.
Э.Бат-Амгалан:
-Хулгайч хүн “хулгайчийг бариарай” гэдэг процесс өнөөдөр болж байна. Хаврын чуулган эхлэх гэж байна, нүүрсчид амилж байна. Би энэ талаар маш тодорхой гурван ярилцлага хэвлэл мэдээллийнхэнд өгсөн. Хулгай хийсэн луйвардсан энэ “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг луйвардсан хүмүүс миний эсрэг өдөөн турхирсан улстөрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж байна. Би өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт ажиллаад даваа гарагт ирсэн.
Энэ компани Эрдэнэтийн овоолгыг гэрээгээр хүлээж аваад боловсруулах үйлдвэр барина гээд 2010 оноос хойш явсан. Эздүүд нь маш олон солигдсон. 2021 оныг хүртэл үйлдвэрээ барьж чадаагүй явсан. 2022 оноос хойш энэ үйлдвэр ашиглалтад орсон үйлдвэр юм байна лээ. Манай дүүгээс та нар мэдээлэл авах ёстой.
Барилгын яамны гадаа өвөө эмээ нар голцуу хүмүүсийг өдөөн турхирч, юунд ирснээ мэдэхгүй улстөрийн зорилготой жагсаал цуглаан хийж байна. Тэнд “Зэс эрдэнийн хувь” ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн нэг ч гишүүд байхгүй. Улстөрийн зорилгтой зориудаар зохион байгуулсан энэ жүжгийг талбайн урд талын офисуудаас зохион байгуулж байна.








































































