Цагдаагийн газраас насанд хүрээгүй Ү.Н, Э.Н, С.М нарыг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан.
Мөн бие биедээ гэмтэл учруулахгүйгээр халдсан зөрчилд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс Э.Н, С.М нарыг бүлэглэн Ү.Н-ийн эсрэг, Ү.Н нь Э.Н, С.М нарын эсрэг харилцан танхайрсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бүгдийг нь 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, насанд хүрээгүй зөрчилд холбогдогч Э.Н, С.М нарын үйлдэл нь танхайрсан зөрчил мөн байна гэж үзэж, тэдэнд торгох шийтгэл оногдуулсан хэсгийг хэвээр үлдээв.
Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт зааснаар Ү.Н-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь, Ү.Н нь Э.Н, С.М нарыг өдөж хоргоогоогүй, тэдний эрх ашигт харшлах үйлдэл хийгээгүй ба Э.Н, С.М нар нь Ү.Н-тэй зохисгүй байдалтайгаар ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хараалын үг хэрэглэн доромжилж, өдөөн хоргоосон. Улмаар Ү.Н өөрийгөө хамгаалан хариу үйлдэл хийхдээ зууралдан үсдэлцсэн зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг хангахгүй байна гэж үзэж Ү.Н-д холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх









































































