Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар Туулын хурдны зам төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, нийслэл хотын төсвийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан Ардын намын бүлгийн хүсэлтээр завсарлага авч, хойшлогдлоо. Ардын намын бүлэг дотор одоог хүртэл хуваагдал байгаа бөгөөд энэ нь УИХ-ын дарга хэн болох талаар санал зөвшилцөхгүй нэлээн ширүүхэн байгаа бололтой.
Бид дахин нэг зүйлийг сануулж хэлэх хэрэгтэй байх. Хаврын чуулган дөнгөж эхлэхэд л УИХ-ын даргыг аль нэг намын дарга байлгахгүй, УИХ-ын даргатай холбоотой асуудлыг аль нэг нам дангаараа өөрийн удирдах зөвлөлийн түвшинд шийдэж, бусад нам уруу тулгадаг байдлыг тэвчихгүй гэдэг ийм л зарчмыг Ардчилсан нам тавьсан. Гэтэл Ардын нам мөн л өмнөх арга барилаараа ажиллаад байх шиг байна.
УИХ буюу парламентын толгой дээр нам гардаг социализмын үе өнгөрсөн. Одоо бид олон ургалч үзэлтэй, олон намтай болсон учраас дотооддоо мэтгэлцэж асуудлаа шийддэг болох ёстой. Ийм л зарчмыг Арчилсан намын зүгээс тавьж байгаа.
АН УИХ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад удаж байна. Тус хуулийн төсөлд “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ, УИХ-ын даргыг 64 гишүүнээр нэр дэвшүүлж сонгоно” гэж заасан. Тиймээс дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардаж байна.













































































