\”Монгол тулгатны зуун эрхэм\” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин \”Эрүүлд хүрэм зам их энгийн\” хэмээх номоо гаргажээ. Тэрээр \”Монгол тулгатны зуун эрхэм\” нэвтрүүлгийг гаргаж ирсэн мэдлэгтэй, мэдрэмжтэй бүсгүй. Нэвтрүүлгээ өндөрлүүлснээс хойш өөрийн цахим хуудаснаа эрүүл амьдралын хэв маягийг олонд таниулж \”Мацагтан монгол” нэрээр эрүүл хооллолтын талаар олон удаа тайлбарлаж байсан. Магадгүй түүний гэрэлтсэн тунгалаг арьс, уужуу ухааны цаад учир нь мацаг барьсантай холбоотой.
Харин түүний энэхүү ном есөн жилийн өмнө \”Макробиотик 21-р зуун” нэртэйгээр хэвлэгдэж байсан ч борлуулалт нь дууссан учир дахин хэвлэлтэд өгчээ. Номынхоо талаар тэрбээр \”Шинэчлэгдэн гарсан ном маань хоол хүнс болон өвчнийг өөр өнцгөөс харж, түүнд хандах хандлагаа өөрчилж, шинэ сайхнаар эргэн төрөхөд тань тус болно. Ном маань \”Эрүүл оршихуйн давалгаа\” өрнөсөн одоогийнх шиг үед бус хоол хүнсний тухай ойлголт ихээхэн бүүдгэр үед бичигдэж байлаа. Тийм ч учраас эсэргүүцэл, шүүмж,доромжтой багагүй тулж байсан. Өөрөөр хэлбэл \”Ном\” минь миний эрүүл монгол хүн, монгол хүний удмын сангийн төлөөх арван жилийн зовнил, гаргалгаа, арга зам, бодсон бодлын минь нийтгэл билээ” гэж цахим хуудаснаа бичжээ. Номын нээлт өнгөрсөн амралтын өдөр болсон бөгөөд түүний номыг авахаар зорин ирсэн хүмүүсийн хөлийн цуваанд СТӨ дарагдсан байсан юм.
Энэхүү номыг олон хүмүүс сонирхож байгаа бөгөөд эрүүл зөв хооллолтын талаарх цогц мэдлэгийг дээрх номоос олж авна гэдэгт итгэлтэй байна. Мөн сошиал хэрэглэгчид түүний энэхүү номонд нэлээдгүй ам сайтай харагдаж олон талархлын үгс үлдээжээ. Мөн П.Анужин тун удахгүй дахин шинэ төслөөр үзэгч олондоо бэлэг барихаар болжээ.