Монгол ньюс Мэдээллийн төвд өнөөдөр 11.30 цагт шударга үнэний төлөө ард иргэдийн дуу хоолой болсон өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлчдээ өмгөөлж “хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой” сэдвээр иргэд төрийн бус байгууллагаас мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлав. Гэхдээ хэвлэлийн хурал зарласан эдгээр хүмүүс нэг ч сэтгүүлч, нэг шүүгчийн өмгөөлсөнгүй. Харин өөрийгөө өмгөөлөгч хэмээн нэрлэдэг Г.Батбаяртай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарласан байжээ.
Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг ажиллаж, хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй багш нарыг өмгөөлж, хүүхдүүдийг байцааж, дарамталсан өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүнийг өмгөөлж мэдээлэл хийж байгаа энэ аж.
Шалтгаан нь ойрын үед Г.Батбаяртай холбоотой тун таагүй мэдээллүүд цахим хэвлэлээр цацагдах болсон. Модернист яруу найрагч Б.Галсансүх өмгөөлөгч Г.Батбаярын холбогдсон эрүүгийн болоод өмгөөлөгчийн ёс зүйн алдаа гаргасан хэд хэдэн баримтуудыг дэлгэсэн юм. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд мэдээлснээр дээрх хүмүүсийг ийнхүү яаран хэвлэлийн хурал зарлахад хүргэсэн болов уу. Бүр цаашлаад эдгээр хүмүүсийн ард өмгөөлөгч Г.Батбаяр ч байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Г.Батбаярын хувьд шударга үнэний дуу хоолой гэж харагддаггүй. Харин нийгмийн анхаарал татсан асуудал бүрт хутгалдаж, аль шан харамж өндөр өгөх талд нь үйлчилж явдаг нь харагддаг. Тэр нь эрхээ хамгаалж тэмцсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг явуулсан ажиллагаанаас нь илхэн харагдсан билээ. Тэгвэл эдгээр хүмүүс ямар хүнийг ингэтлээ өмгөөлнө вэ. Үнэхээр ноён уултай холбоотой асуудал уу. Ноён уулаа л хамгаалж байгаа бол яагаад Г.Батбаярын төлөө хоолойгоо хэрчихэд бэлэн гэж мэдэгдэв. Үүний цаана юу нуугдана вэ.