\”Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Гэрлэх ёслолын ордноос тавдугаар сарыг \”Гэр бүлийн сар” болгосонтой холбогдуулан ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа ариун үйлст эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг тус өдөрлөгт оролцуулж байгаа билээ.
Энэ ч утгаараа, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий найман хос гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хуримын ёслолоо дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой \”Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа эдгээр хосуудын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан нь хамгийн том бэлэг байлаа.
Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом өдөр байсан юм. Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудаас гадна НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албаны дарга Б.Одгэрэл нар бийрийн уран татлага, билэг төгс шүлэг найргийн мөрүүдтэй дурсгалын бичвэрийг хосуудад гардуулан өгч баяр хүргэлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран зохион байгуулсан \”Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс дөрөв, \”Өргөө” амаржих газар болон Түргэн тусламжийн төвөөс тус бүр нэг хос оролцож, улс эх орондоо үлгэр дуурайлал болсон гэр бүлийнхээ нандин холбоог ийнхүү аз жаргалаар дүүрэн бататгалаа.