МАХН-ын бага чуулганы хаалттай хуралдаан өчигдөр орой дуусч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болж өчигдөр орой 24:00 цагаас өмнө амжиж 23:30 минутанд Сонгуулийн Ерөнхий хороонд Монгол Ардын Хувьсгалт Нам нэр дэвшигчийнхээ баримт бичгийг ирүүллээ.
МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн Ерөнхий Хороонд өөрийн баримт бичгээ өгсөний дараа \”Монгол ард түмнийг маш олон жил зовоосон МАНАН-гийн түнэр харанхуйд нар мандах болно” гэж хэлэв. Сонгуулийн Ерөнхий Хороонд МАХН нам хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болжээ. Нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээнд нийтэд мэдээлэхээр болсон байна.