НИТХ-ын дарга А.Баяр үүрэг өгсний дагуу гаднын хүмүүс төрийн байгууллагад ажлын бус цагаар зөөврийн компьютертой нэвтэрч, өглөө гарч явсан тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархав.
Үүнд тэрбээр “Ерөнхийлөгчийн зарлигаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Дэлхийн адууны өдөр”-ийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа. Миний бие ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Энэ бичлэг дээрх залуус ажлын хэсгийн видео танилцуулга зэргийг хийж байгаа юм.
Тухайн өдөр ажлын хэсгийн хуралдаан дуусаад видео, график, монтаж хийдэг уран бүтээлчид үлдэж “Дэлхийн адууны өдөр”-ийн танилцуулга хийсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд сууж ажиллах өрөө тасалгаагаар хангасан төдий. Өөрсдийнхөө компьютер төхөөрөмжтэй ирсэн. Гэмгүй уран бүтээлч залуусыг улс төрд хутгах хэрэггүй” хэмээн албан ёсны тайлбар бичжээ.
Ташрамд мэдээлэхэд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцсэн. Улмаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан билээ.
Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг 2026 оны 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.










































































