“Т…” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Д нь 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлжээ.
Тодруулбал, “Т…”, “Ю…Т…” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг “авлага шилжүүлэн барагдуулах” нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х…” ХХК-тай байгуулсан аж.
Улмаар “Т…” ХК-ийн ТУЗ-ын “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоолд тусгагдсан коксжих чанаргүй нүүрсний 1 тонн тутмын 49,5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8,3 мянган төгрөгөөр тооцсон байна.
70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Х…” ХХК-д худалдан “Т…” ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдад эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: УЕПГ











































































