УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан \2026.05.19\ БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан болон КОЙКА-гийн дэд суурин төлөөлөгч Жон Ин Ён нарыг хүлээж авч уулзлаа.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Налайхын хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээх, тохижуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтаар “Нүүрсний хаагдсан уурхай орчимд тогтвортой хөгжлийн орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн инновацыг бий болгох” төслийн явц, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Гүний уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээж жишиг болохуйц энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд төслийн судалгааны ажил эхэлсэн, зураг төслийн ажлыг гүйцэтгэх компанийн тендер шалгаруулахаар бэлтгэж байгааг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан танилцууллаа.

Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд;
📌Уурхайн нөхөн сэргээсэн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
📌Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж мод үржүүлгийн цэг байгуулна
📌Солонгос улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулж, хариуцан ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.
Мөн өнөөдрийн уулзалтаар БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Монгол улсад “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх” чиглэлээр төсөл хэрэгжүүлж, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, туршлага солилцох, боловсон хүчнийг бэлтгэх талаар харилцан санал солилцлоо.


































































