Үр хүүхэдтэй, энэ улсын ирээдүйд санаа зовнидог Монгол хүн бүрийн анхаарах асуудлыг УИХ-ын гишүүн С.Амарсайхан дахин хөндлөө.
Хар тамхины хэрэглээ хүүхэд, залуусын дунд газар авч буй эрсдэлээс эхлээд хууль сахиулах байгууллагын хүчин чадал, удирдлагын хариуцлага, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээний талаар тэрээр ноцтой асуудлуудыг хөндөж, ойрын хугацаанд баримт, нотолгоотой мэдээлэл хийхээ мэдэгдэв.
“НЭГ ХҮН ХАР ТАМХИНД ОРВОЛ НЭГ ӨРХ СҮЙРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ”
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
– Хар тамхины сонсголыг удахгүй зохион байгуулах гэж байгаа. Би өмнө нь хэлсэн. Монгол Улсын ирээдүй хар тамхинд живж байна.
Манай улс цөөн хүн амтай. Хүн амын бараг 65–70 хувь нь 34 хүртэлх насны залуучууд. Хар тамхины хэрэглээний 86 хувийг 18–34 насны залуучууд эзэлж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ч байна.
Энэ бол хил хязгааргүй тархаж байгаа донтолт. Донтсон хүн гарахад маш хэцүү. Нэг хүн хар тамхинд орвол нэг өрх сүйрч байна гэсэн үг. Нэг өрх сүйрвэл энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, цаашлаад үндэстний оршин тогтнолд заналхийлэх хэмжээнд хүрч байна.
Монгол Улс өмнө нь хар тамхины хэрэглэгч орон байсан бол дараа нь дамжуулагч орон болсон. Одоо бүр үйлдвэрлэгч болох хэмжээний эрсдэлтэй болчихсон байна.
Нэг хүүхдийн ард 200–300 хүүхэд байна гээд та бүхэн бодоод үзээрэй. Манай хүн амын дийлэнхийг эзэлж байгаа залуучуудын дунд хар тамхи зуу зуун мянган хүнд аюул занал учруулах хэмжээнд хүрч байна.
“ТЭГЭХЭЭР БИДЭНД ИРЭЭДҮЙ БАЙГАА ЮУ?”
— Хүүхэд багачууд, ирээдүйгээ хамгаалж чадахгүй бол бидэнд ирээдүй байгаа юу?
Өнөөдөр бүгдээрээ Төрийн ордондоо хэрэлдэж, улстөржөөд, төрийнхөө түвшинд барьцаалагдаж, хууль сахиулах байгууллагуудынхаа барьцаанд орчихоод байна.
Төрийн мөрдэс, хуулийн байгууллагаар халхавчилсан хулгай, дээрмийн бүлэглэлүүд хүүхдүүдийг хар тамхинд оруулж, хууль бусаар алт олборлож, гэмт хэргийн бүлэглэл байгуулан, түүнийгээ улам хөгжүүлж байна.
Бүр улс дотор улс байгуулчихсан юм шиг төрийг бүх шатанд нь барьцаалчихсан байхад өнөөдөр үүнийг хэн ч тодорхой ярьж, ил гаргаж чадахгүй байна шүү дээ.
Энэ бол эмгэнэл.
Тийм учраас үүнтэй холбоотойгоор би ойрын хугацаанд хэвлэл мэдээлэлд нарийн тодорхой баримт, нотолгоотой, онцгой анхаарал татсан асуудлуудаар мэдээлэл хийнэ.
Энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өөрийн байр сууриасаа огт буцахгүй гэдгээ би өмнө нь хэлсэн.
Энэ нь миний эсвэл хэн нэгэн хүний ажил төрөл, амьдрал ахуйтай холбоотой эсэхээс үл шалтгаалж, энэ улс орон ер нь оршин тогтнох уу, үгүй юу? Үндэсний болон дотоод аюулгүй байдал, хүүхэд багачуудын эрүүл мэнд, амь нас, ирээдүй ямар нөхцөлд байна вэ?
Үүнийг бүгд мэдэж авах хэрэгтэй.
“ХАР ТАМХИНЫ АЮУЛЫГ ХУМИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭНЭ УЛСЫН ИРЭЭДҮЙ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ ЗАМ РУУ ОРЧИХСОН БАЙНА”
— Би сая хэлсэн. Арван хэдхэн настай нэг хэрэглэгч хүүхдийн ард 200–300 хүүхэд байна. Өнөөдөр зуу зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрчихсэн байна.
Үүнд тавьж байгаа хяналт, зохион байгуулалт, хүн хүч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудалд онцгой анхаарах ёстой.
Олон нийтийн анхаарлын төвд байлгаж, энэ аюулыг хумиж авахгүй бол улсын ирээдүй устаж үгүй болох зам руу орчихсон байна.
Хар тамхитай тэмцэх албаныхан мэргэжлийн ур чадвар, итгэл үнэмшлээрээ хичээж ажиллаж байгаа.
Харамсалтай нь орон тоог нь хасчихсан. Цалинг нь хасчихсан. Тоног төхөөрөмж, хэрэгсэл байхгүй.
Намайг ажил авахад цагдаагийн байгууллагад хар тамхины шинжилгээний оношлуур ч байгаагүй шүү дээ.
Тоног төхөөрөмжтэй холбоотой өөр олон асуудал байсан. Хар тамхийг таслан зогсоох чиглэлээр тодорхой хөрөнгийг би Хууль зүйн сайд байхдаа шийдвэрлэсэн.
Аргаа бараад өөртөө байсан хоёр нохойг хүртэл аваачиж өгсөн шүү дээ.
“ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЁСТОЙ”
— Үүнээс гадна цагдаагийн байгууллагын алба хаагчдын төсвийг хэлэлцэж байна.
Төсвөөр цагдаа, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлж байгаа. Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувь болгож, хоол, унааны зардлыг нь нэг дахин нэмэгдүүлж байгаа.
Мөн цахим гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх чиглэлээр орон тоог 60 хүнээр нэмэгдүүлэхээр байгаа.
Үүнийг Хууль зүйн яам, Тэмүүлэн сайд төсвийн хэлэлцүүлэгт хамгаалж авч гарах ёстой.
Цаашдаа алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
“ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ТОЛГОЙ ДЭЭР СУУСАН ЯЛЗАРСАН ХУРАНДАА, ГЕНЕРАЛУУДЫГ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ ЭНЭ УЛСЫН ИРЭЭДҮЙ АЮУЛГҮЙ БОЛНО”
— Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажлыг зөвхөн хэрэглэгч, нийлүүлэгчдийн хүрээнд явуулж болохгүй.
Хууль сахиулах байгууллагуудын толгой дээр суусан ялзарсан хурандаа, генералуудыг бүгдийг нь чөлөөлж, хуйгаар нь арчиж байж энэ улсын ирээдүй аюулгүй болно.
Энэ асуудлыг цэгцлээгүй цагт мянган хөгжил яриад ямар ч нэмэр байхгүй. Өчнөөн хууль яриад ч нэмэр байхгүй.
Дээрээ УИХ, Засгийн газар нь хууль, бодлого яриад байдаг. Доороо иргэдийн хүлээлт өндөр байдаг.
Гэтэл дунд нь аалзны тор шиг хэрж бий болсон хууль сахиулах байгууллагын ялзарсан тогтолцоо, илжирсэн удирдлагууд байна.
Ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахын төлөө итгэл сэтгэлээрээ ажиллаж байгаа мянга мянган алба хаагчдын итгэл үнэмшлийг золиосолж, цөөн тооны зарим нөхөд өөрсдийн сүлжээг бий болгосон байна.
Тэр сүлжээг таслан зогсоохгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
Өнөөдөр төрийн түвшинд ч хар тамхины хэрэглээ хэрээс хэтэрсэн. Олон нийт, залуучуудын дунд ч хяналтгүй болсон. Хил, гааль дээр ч хангалттай хяналт тавьж чадахгүй байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайханы хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагаас …








































































