Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нарт хандан шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагад “Монгол Улсын Үндсэн хуульд иргэний мэдээлэл хайх, хүлээн авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг тунхаглан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон бусад хуулиар үүнийг баталгаажуулснаар хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл ардчиллын нэгэн тулгуур багана болж, нийгэмд олон нийтийн хяналтын үүргийг гүйцэтгэж ирсэн билээ.
Улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудын зүгээс хэвлэн нийтлэх мэдээллийн агуулгыг хяналтад тавих оролдлогыг хийсээр ирснийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор тухайн редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдүүлсэнд харамсаж байна.
Төрийн өмчит компанийн тодорхой албан тушаалтан нь хөрөнгийг зүй бусаар зарцуулан үнэгүйдүүлж буй талаарх баримт бүхий нийтлэлд ашигласан түүний цээж зургийг ХЭҮК “хувь хүний биометрик мэдээлэл” хэмээн үзэж, үүнд хэвлэлийг буруутгасан албан бичгийг цагдаагийн газарт хүргүүлж хүний эрхийн индэр болох хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардаж байна.










































































