Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Ний нуугүй хэлэхэд бид шатахууны маш хүндрэлтэй нөхцөлд тун таатай байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй байна. Москва хотод өнөөдрийн байдлаар шатахууны хомсдолтой, захын мужуудын шатахуун түгээх станцуудад оочер, дугаар ихтэй, хязгаарлалттайгаар шатахуун олгож байна.
ОХУ-ын зүгээс бидэнд та бүхэн АИ-92 авто бензинийг манай дотоодын зах зээлийнхээс хоёр дахин хямд үнээр хэрэглэж байгаа шүү гэдэг асуудлыг тавьж байгаа. Бид сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ-ын талтай найман удаа уулзлаа, сар болгон л явж байна. Энэ сарын сүүлээр би дахиад явна, яриа хэлэлцээрийн хүчинд л аваад явж байгаа. Нөөц одоогоор хангалттай, бид бүх сав, суулгаа дүүргэчихсэн” гэв.







































































