Сүүлийн хэдхэн өдрийн дотор агаарын хэт халалтаас зугтахыг оролдсон 40 хүн усанд живж, амиа алдсаныг Францын эрх баригчид Мягмар гарагт зарлажээ.
Францаас гадна Их Британи, Итали, Испани улсуудад агаарын хэт халалт үргэлжилж, хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулаад байна.
Европ тивийн дулаарал дэлхийн дунджаас хоёр гаруй дахин өндөр байгааг Дэлхийн Цаг Уурын Байгууллага мэдээлжээ.
Өчигдөр Францын баруун өмнөд бүсийн Бордо хотод агаарын температур Цельсийн 41.9 хэм хүрч, өнгөрсөн оны наймдугаар сард тогтоосон түүхэн дээд халалтыг шинэчилсэн байна.
Зургаадугаар сарын 18-наас хойш Франц даяар 40 хүн усанд живсний ихэнх нь залуу хүмүүс байсныг тус улсын ерөнхий сайд Себастен Лекорну өчигдөр засгийн газрын шуурхай хуралдааны үеэр мэдээлжээ.
Өнгөрсөн оны зун Франц даяар усанд живж нас барсан хүний тоо 172 хувиар өссөн нь бас агаарын хэт халалттай холбоотой байсан юм.
Өчигдөр бас тус улсын баруун өмнөд бүсийн цөмийн реакторыг унтраахад хүрсэн нь хөргөлтөд ашигладаг ойролцоох голын ус хэт халсантай холбоотой байжээ.
Франц даяар олон сургууль хичээлээ эрт хаасан нь 30-аас дээш сурагчтай анги танхимуудын дотоод агаарын халалт эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүрсэнтэй холбоотой байсан байна.
Улсынхаа хамгийн сэрүүн бүс нутагт тооцогддог Испанийн хойд хэсгийн Сан Себастян хотод Даваа гарагт агаарын температур Цельсийн 40 хэмийг давсан нь жил бүрийн энэ өдрийн түүхэн дунджаас хоёр дахин өндөр байжээ.
Испанийн нийслэл Мадрид хотын захиргаа орон гэргүй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүн амд зориулан сэрүүцэх байгууламжуудыг нээсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд усанд сэлж байгаад таван хүн живснийг Германы эрх баригчид мэдээлжээ.
Тус улсын зарим хэсэгт энэ долоо хоногийн сүүлээр Цельсийн 41 хэмд буюу түүхэн дээд хэмжээндээ хүрч халах төлөвтэй байна.
Итали улс Даваа гарагт 12 хотдоо агаарын хэт халалтын улаан түвшний түгшүүр зарласан юм.
Африк тив, Сахарын цөлөөс ирсэн халуун агаарын урсгал баруун Европын дээр хүйтэн агаарын дунд түгжигдсэн энэ цаг уурын үзэгдлийг мэргэжилтнүүд грек цагаан толгойн үсгийн хэлбэрээр “Омега блок” хэмээн нэрлэж байна.
Эх сурвалж: Reuters









































































