Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдэх гэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Нийгмийн бодлогын байнгын хороогоор Тамхины хуулийн хэлэлцүүлэг хийгдсэн. УИХ-ын гишүүн болсноор хойш ийм айхтар хэлэлцүүлэгтэй хуулийн төсөл анх удаа харлаа. Цаашид бүх хуулийн төсөл дээр ингэж ажилламаар байна. Гишүүд хоёр тал болж хуваагдаад, бие биеэ элдвээр хэллээ.
Ер нь тамхи л бол тамхи. Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаанаас онцгой албан татвар авч байгаа. Түүнтэй адил байх ёстой.
Хуулийн төслөөс болж байнгын хороо, ажлын хэсэг нь хоёр хуваагдсан. Одоо УИХ яаж хоёр хуваагдахыг харъя. Анх өргөн барьсан гишүүд хуулийн төсөлдөө үнэнч байхыг хүсье.
Сүүлдээ энэ хуулийг татварын тухай хууль юм шиг мушгин гуйвуулж байна. Үгүй шүү дээ. Энэ чинь хүүхэд, өсвөр үеийнхнийг хорт зуршлаас холдуулах зорилготой хууль.
Сургуулийн ойр орчмын 500 метрт электрон тамхи зардаг болгоё гэдэг лоббиг хаанаас явуулж байгааг бүгд мэдэж байгаа. Энд хэдхэн компанийн эрх ашиг бий. Гаатай тамхийг үлдээхийг лоббиг ямар компани явуулж байгааг бүгд мэдэж л байгаа. Улаан цагаандаа гарч, лоббид автаж байгаа хуулийн төслийг анх удаа харж байна.
Цахилгаан, дулааны үнэ нэмэхэд А гэж дуугараагүй хүмүүс тамхины татвар нэмэхийг эсэргүүцэж байна.
Жилд 800 орчим тэрбумын зах зээлээс 10 хувийг нь л тараахад 80 тэрбум төгрөг. Парламентын зарим гишүүнийг хэдээр худалдаж авсан бэ. Хүүхдийн төлөө одоо “За” хэлээрэй гэж хүсэж байна” гэв.











































































