Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт нэг эвш, гурван бамбаруушны хамтаар айлын зуслан орчимд орж ирсэн тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын (ОББЦГ) хамгаалалтын захиргаанаас уг баавгайнуудыг суурьшлын бүсээс холдуулж, тусгай хамгаалалттай хэсэг рүү оруулжээ. Ингэхдээ 18 цаг орчим хугацаанд автомашинаар чиглүүлэн тууж, 57 км зайг туулжээ.
Энэ талаар Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч Х.Батболд “Эдгээр баавгайг ОХУ-аас орж ирсэн болов уу гэж таамаглаж байна. Баавгай их үнэрч амьтан учраас зуднаар үхсэн малын сэг зэмийн үнэрээр тал руу бууж, айлд ойртсон бололтой. Энэ дөрвөн баавгайны хувьд турж эцээгүй, цатгалан шинжтэй байсан учраас тайван байж, ус уух зэргээр амарч явсаар тусгай хамгаалалттай газрын бүс нутагт хүрсэн.” гэж тайлбарлалаа.













































































