АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар өнөөдөр /2026.11.09/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн:
-Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэн байгуулан, нийслэлийн 24 төсөл хөтөлбөр тэр дунд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажилд холбогдуулан мөрдөн байцаалтын ажлыг хийж байна. Ажлын хэсгээс зургаан хэрэг нээн, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд маш их хэмжээний цахим файл болон тендер сонгон шалгаруулалтын санхүүгийн баримтуудыг нийт 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэгийн явцад холбогдох байгууллагуудаас гаргуулж авсан. Төсөл хөтөлбөр хариуцсан албан тушаалтнууд болон хэрэгжүүлэхэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ирүүлсэн файл материалуудад судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөгө явуулах, зарим мэргэжлийн байгууллагад хандан зөвлөмж, дүгнэлт гаргуулж байна. Шалгасан зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийг бүрэн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үлдсэн таван хэрэг дээр эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажлыг хийж байна. Эдгээр хэрэг дээр есөн хүнийг яллагдагчаар татсан. Эдгээр хүмүүст хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Туулыын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа болох 500 тэрбум төгрөгийг олгохдоо тендерийн хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед орлогч асан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тухайн үед НЗДТГ-ын Б гэдэг албан тушаалтан урьчилгаа төлбөрийн 500 тэрбумыг шилжүүлэх боломжгүй байна гэж санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан байхад Х.Нямбаатар нь Т.Даваадалай руу шилжүүлсэн байдаг. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарыг дуудан ирүүлэх бичгийг удаа дараа хүргүүлэхэд ирээгүй. Шалгаад үзэхэд, Х.Нямбаатар 2026 оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гадаад руу нэвтэрсэн мэдээлэл байна. Хаяг байршлыг нь тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны ажлын албаны шугамаар дамжуулан олон улсын цагдаагийн байгуулагад хандсан. Одоогоор албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээллийг авсан. Монгол Улс Канад улс хооронд эрүүгийн хэрэгт харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэхдээ Монгол-Канад хоёулаа авлигын эсрэг НҮБ-ын конвецид нэгдсэн улс. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Бид олон улсын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй байна.
Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг шалгаж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж, яллагдагчаар татсан. Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийг царцаасан. Урьдчилгаа төлбөр болох 500 тэрбумаас 339 тэрбумыг дансанд нь царцаасан бол 160 тэрбумыг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэх явцад нийслэлийн ногоон бүсийн 7.2 га талбай өртсөн. Туул голын бургасан ойг шилжүүлж, төслийг хэрэгжүүлэх ёстой байтал огт шилжүүлэхгүйгээр хавтгайруулан огтолж, 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон.
Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтыг орлогч асан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан гэмт хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт 18.6.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор хүргүүлж, БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлагдаагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан.
Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой долоон багц тендер зарласан байдаг. Нийт 4.2 багц буюу 994 айлын 14 блок барилгыг 223.4 тэрбумын төсөвт өртөгтэй. Энд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнд, НИТХ-ын төлөөлөгч этгээд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулахад оролцсон, хэргийг шалгаж байна. Хотын дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд, хүнд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэдэг асуудлаар шалгаж байна.
Тухайлбал, Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой С гэж хүний үүсгэн байгуулсан нэр бүхий хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгын зураг төсөв боловсруулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийх тендерт шалгаруулсан гэж буруутган, шалгаж байна. Мөн энэ хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан СТӨ-ний засварын ажлыг 678 сая төгрөгөөр хийх ажилд хууль бусаар шалгаруулжээ. Мөн Хэнтий аймгийн Бэрх тосгонд 2023 оны есдүгээр сард 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбумаар хийх төсөвлт өртөгтэй тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” төмөр зам “Бодь” группийн хооронд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн санхүүжилттэй холбоотойгоор 110 сая ам.долларын авлига тараасан гэдэг мэдээллийн дагуу хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. “Бодь” группийн төсөл бүрэн хэрэгжиж дууссан бөгөөд 2020-2025 онд санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудитын хоёр компани хянан шалгаж, тайлангуудыг гаргаж санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоо тогтоогдож байгаа нөхцөл байдлаар урьдчилгаа төлбөрт 110 сая ам.долларын гүйлгээ огт хийгээгүй. Их хэмжээний долларыг бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөгийг олгосон баримт байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд 110 сая ам.долларыг бэлнээр авч тараасан гэдэг ташаа мэдээлэл байна.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн:
-Энэ оны байдлаар 220 төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах албан тушаалтнууд ХОМ-ээ мэдүүлсэн. Үүнээс хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдуулан 2025 онд нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар сүүлийн таван жилийн ХОМ-ийг шалгадаг.
Мэдүүлэгч гаргагчийн хувьд Авлигын эсрэг хуулийн 10.2 зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ХОМ-ээ үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байна гээд хариу хүргүүлж шийдвэрлэсэн.










































































