УИХ-ын МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барихаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Т. Аюуртсайхан \”Үндсэн хуулийн 43.4 дэх, Монгол улсын их хурлын 7.2 заалтын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэтбатыг огцруулах саналыг албан ёсоор УИХ-д тавьж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анх гарч ирсэн цагаас эхлээд МУ-ын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байгаа. Томилогдсоноос хойшхи нэг жилийн хугацаанд Монгол улс, ард түмнийхээ эрх ашигт нийцээгүй цөөн хэдэн бүлэглэлийн үйл ажилалагаа явуулсан. Үүний зэрэгцээ явуулж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрүүд нь эргэж буцсан, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй үйл ажиллагаа явуулж байна. Саяхан болсон МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар нийт ард түмэн энэ засгийн газарт дүнгээ тавьсан. Тийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд хуульд заасны дагуу огцруулах саналыг тавьсан. М.Энхболд дарга эзгүй байгаа дэд дарга Я. Санжмятавд уг саналыг албан ёсоор гардуулах болно.
МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал дээр УИХ-д суудалтай МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ маш олон гишүүд албан ёсоор дэмжиж байна. Эх орныхоо язгуур эрх ашиг, ард түмнийхээ ахуй амьдрал, шударга ёсны төлөө тангаргаа өргөсөн нам харгалзахгүй энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн Энэ асуудлыг албан ёсоор УИХ-д өргөн баривал хуулийн дагуу 15 хоногийн дотор хэлэлцсэн шийдвэр гаргана\” хэмээн ярилаа.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав \”Би өнөөдөр УИХ-ын даргыг орлож байгаа. Гишүүд хууль санаачлах эрхийнхээ дагуу өргөн барьж байна. Энэ асуудлаар эхний ээлжид их хурлын даргад танилцуулах ёстой. УИХ-ын 65-н гишүүний 30 нь гарын үсэг зурсан энэ асуудалд манай бүлэг хуралдаж саналаа ярилцана. Ерөнхийлөгчийн сонгууль засгийн газарт дүн тавьсан байгаа\” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр \”Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон.
УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч бий болж байна.
Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амалсан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг нам нь нам шиг явах цаг болсон.
Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг үг бий. Энэ их байгалийн баялаг яагаад иргэдэд хамаагүй цөөнхөд хамаатай болоод байгаа юм бэ?\” гэлээ.