\”Бөмбөгөр” худалдааны төвийн гадна гар дээрээс жимс, хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгажээ. Шалгалтаар худалдаачид жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх \”City toilet” нийтийн бие засах газар хадгалж байсныг илрүүлж Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд болон цагдаа нар хураан авсан байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Одгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн гудамж талбайд ил задгай худалдаа үйлчилгээ явуулж иргэдэд шалгалт хийж байгаа гэсэн. Энэ талаар?
-Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны А134 тоот тушаалын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа. Энэхүү хяналт шалгалтыг нийслэлийн зургаан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэг, хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан 68 иргэнд хяналт шалгалт хийсэн. Ингээд ил задгай жимс жимсгэнэ болон хүнсний ногоог зөвшөөрөлгүй ил задгай талбайд худалдаалж байсныг таслан зогсоосон. Мөн Алтжин Бөмбөгөр худалдаан төвийн хажууд ил задгай худалдаа хийж байсан иргэдэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар \”City toilet” нийтийн бие засах газар хадгалж байсан 900 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог хураан авч устгалд оруулсан.
-Ил задгай талбайд хүнсний ногооноос гадна самар болон бусад төрлийн жимсийг иргэд гар дээрээс худалдаалагдаг. Үүнд танайхаас хяналтыг хэрхэн тавьдаг вэ?
-Манайхаас хяналт шалгалтыг төлөвлөгөө дагуу тогтмол хийдэг.Ил задгай худалдааг таслан зогсоох арга хэмжээ хийгдээд явж байгаа. Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэж хүнсний ногоо зэргийг худалдан борлуулахгүй гар дээрээс худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
Н.Алт