Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж багачуудаа хүлээн авлаа. Засгийн газраас гаргасан \”Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тохилог цэцэрлэг байгуулж эхэлсэн билээ.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж, өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн хоёр бүлэгт багачуудаа хүлээн авлаа.
Цэцэрлэгийн нээлтэд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон албаны бусад төлөөллүүд оролцлоо.
Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч ажиллах юм байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газрын ажилчдын хүүхдүүд явах боломжтой юм байна.