Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 09 сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охидтой болжээ. Ихэр охидод \”Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин\”-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон юм.Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймагт анх удаагийн тохиолдол юм.Энэ ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад туслалцаа үзүүлсэн, удирдан чиглүүлсэн ЭХЭМҮТ-ийн захиргаа, хамт олон, нярай судлалын тасгийнхан, хийх нөхцөл бололцоогоор хангасан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, хамт олонд талархлаа илэрхийлье гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.