Москва хотын төвд АК-47 бууны зохион бүтээгч Михайл Калашниковт зориулсан хөшөө бослоо. Тэрээр 2013 онд 94 настайдаа таалал төгссөн юм. Калашников 1919 онд Алтайн хязгаарын өмнөд нутагт тариачны гэр бүлд мэндэлсэн юм. Багаасаа яруу найрагч болох мөрөөдөлтэй байсан ч дэлхийн хоёрдугаар дайнд оролцох үеэр буюу 1941 онд Брянскийн дэргэдэх тулаанд шархдсаныхаа дараа зэвсгийн туршилт хийж эхэлсэн байна.
АК-47 бол Германы Sturmgewehr 44 (StG 44) гэдэг хагас болон бүтэн автомат горимтой буунаас санаа авч бүтээгдсэн зэвсэг. Калашников энэхүү Герман буунаас гадна Америкийн M1 зэвсгээс зохион бүтээх санаагаа олсон гэдэг. 1947 онд бэлэн болсон зэвсгийг 1949 онд Зөвлөлтийн арми хэрэглэж эхэлсэн байна.
AK-47-гийн гол хүч чадал нь түүний энгийн бүтэц, бага эвдрэлтэй бөх бат хийц, хэрэглэхэд хялбар байдал юм. Бас үйлдвэрлэх зардал ч бага. Нэг ийм буу 40 жил ашиглагдсан тохиолдол ч бий. Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа нийт гар зэвсгийн 20 хувийг АК-47 бүрдүүлдэг. Мозамбик улсын төрийн далбаа, Хезболлах бүлгийн далбаанд калаш дүрслэгдсэн байдаг.
Дэлхий даяар 100 сая ширхэг кашалников буу хэрэглэгдэж байгаа гэдэг үзүүлэлтээрээ Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ.