Засгийн газрын 2012 оны \”Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.
Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу гэсэн үг юм. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Казахстан, Киргизстан зэрэг улс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүддээ ижил түвшний эмч нарынхтай харьцуулахад 190, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нартаа 220 хувиар илүү цалин өгч сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилт олжээ.