НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар Ц.Сандуйн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү \”НИТХ сар тутам хуралддаг байнгын ажиллагаатай болоод нэлээд удаж байна. Гэтэл НИТХ тавдугаар сараас хойш хуралдаагүй. Өнөөдөр ажил, албан тушал ярихаар л ийм өндөр ирцтэй хуралдаж байна\” гэсэн шүүмжлэлийг хэллээ.
Түүний шүүмжлэлд хотын дарга С.Батболд \”Би НИТХ сар бүр хуралддаг гэдгийг мэдэхгүй. Намайг НИТХ-д байхад жилд хоёр удаа л хуралддаг байсан. Сар бүр хуралдах ёстой гэсэн дүрэм журам цаасан дээр байхгүй. НИТХ хуралдаагүйгээс болж, ажил хоцорсон зүйл нэг ч байхгүй\” гэсэн хариултыг өгөв.
Харин НИТХ-ын дарга Ц.Сандуй \”Сар бүр хуралдах дэг бий. Гэхдээ долоо, наймдугаар сард амралтын хугацаа гэж тооцон хуралдаагүй. Миний хувьд улс төрийн хариуцлага хүлээж байна. Хоёр албан тушаалыг хүлээлгэн өгөхөөр хүсэлтээ гаргасан. Шийдвэрлэж өгнө үү\” гэлээ.
Ингээд Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад төлөөлөгчдийн 81.82 хувийн саналаар дэмжлээ. Одоо НИТХ-ын дараагийн даргыг сонгох асуудлыг НИТХ-аар хэлэлцэж байна. НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшээд байгаа юм.