Иргэний нисэхийн ерөнхий газар болон
ЗХЖШ-ын даргын хамтарсан тушаалаар \”Иргэний нисэхийн болон Зэвсэгт хүчний
Агаарын цэргийн хамтын ажиллагааны зөвлөл”-ийг энэ сард байгуулсан. ИНЕГ болон Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал хоорондын хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцох, дүгнэлт гаргах, үйл ажиллагааны баримт
бичгүүдийн төслийг боловсруулах, хэлэлцэх, судалгаа явуулах, хэрэгжилтийг хангах
зорилго бүхий тус зөвлөлийн анхдугаар хурал энэ дүгээр сарын 27-нд Иргэний
нисэхийн ерөнхий газарт боллоо.
Зөвлөлийг
ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга нар
нэг нэг жилээр ээлжлэн даргалах бөгөөд энэ жил ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга
Б.Алтанцом даргалж байгаа аж.
Хуралд ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал
Б.Батбаяр тэргүүтэй Зөвлөлийн гишүүд оролцов. Зөвлөлийн анхдугаар
хуралдаанаар холбогдох удирдлагуудын тушаал, журмыг танилцуулж, Зөвлөлийн
2017-2018 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн талуудаас гарсан саналуудыг
тусган батлуулахаар болсон байна. Мөн
талууд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тал дээр хамтран ажиллах, тусгай
зориулалтаар ашиглах агаарын зайг зарлан мэдээлэх, иргэний нисэхэд нөлөөлж
болзошгүй цэргийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох явцыг сайжруулах, Зэвсэгт
хүчний Агаарын цэргийн командлал, ИНЕГ-ын удирдах бүрэлдэхүүнтэй нэгдсэн Команд
штабын сургуулилт зохион байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.