АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ази
тивд хийж буй айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгос улсад хүрэлцэн ирээд байна.
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын гол сэдэв нь Умардын цөмийн зэвсгийн
асуудал аж. Тэрээр Япон улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Пхеньяны пуужинг
АНУ-ын төхөөрөмжөөр буулган авах тухай хэлэлцсэний дараа ийнхүү Сөүлд ирээд
байгаа юм.
Түүнчлэн уулзалтын дараагийн чухал
сэдэв нь худалдааны хэлэлцээрийн асуудал бөгөөд хоёр улс чөлөөт худалдааны
гэрээгээ шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Ноён Трамп
ерөнхийлөгч Мүн Жэ-Ин болоод бусад улс төрчид, мөн АНУ-ын цэргүүдтэй уулзах юм.
Өмнөд Солонгос нь АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн таван улсад хийх айлчлалын хоёр
дахь нь болж байна.
Тэрээр Сөүл рүү явахаасаа өмнө
өөрийн твиттер хуудастаа, Японоос \”их хэмжээний эрчим хүч, цэргийн захиалга”
авсан тухайгаа жиргэж, ерөнхийлөгч Мүнийг сайшаасан утгатай зүйлс бичжээ. Трамп
Сөүлд 24 цаг саатаад, айлчлалаа цааш үргэлжлүүлэх юм. Өмнөд Солонгост зочилж
буй явдлыг тус айлчлалын онцлох сэдэв болно хэмээн ВВС-ийн сэтгүүлч Робин Брэнт
үзэж байна.
Айлчлалын хүрээнд Өмнөд Солонгосыг
хамгаалах цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Умард Солонгосын удирдагч Ким Жон
Унд анхааруулга өгөхийг зорьж байгаа хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолжээ. Гэвч
ноён Трампын хувьд өмнө нь ерөнхийлөгч Мүнийг \”Умардыг тайвшруулахыг хичээж
байна” хэмээн буруушааж, мөн АНУ-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрийн
нөхцөлүүдийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн шүүмжилж байсан юм. Ноён
Трампыг Умард Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авахгүй байж, \”гал гаргах”
ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх хэмээн ажиглагчид таамаг дэвшүүлж байна.
Одоогоор нийслэл Сөүл хот болон
бусад хэд хэдэн газарт Трампыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөөд байгаа аж. Энэ нь
Трампын хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Азид хийж буй анхны айлчлал нь юм.
Өмнөд Солонгосын дараа тэрээр Хятад, Вьетнам, Филиппин улсуудад очно.
Б.Болормаа