Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоож, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах \”Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.