Гадаад
орнуудаас Хятадыг зорин ирж ажиллах авьяаслаг, оюуны өндөр чадвартай хүмүүст
урт хугацааны виз олгодог болох талаар хэлэлцэж байгаа аж. Энэхүү виз нь таваас
арван жилийн хугацаанд хүчинтэй байх гэнэ.
Одоо цагт
хамгийн их эрэлттэй байгаа технологийн манлайлагчид, энтрепренёрууд, эрдэмтэд
гэх зэрэг хүмүүс энэхүү урт хугацаат визэнд хамрагдах боломжтой юм байна. Хятад
улс эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн зорилгоо тодорхойлж, ийнхүү хилийн
чанадаас өндөр чадвартай экспертүүдийг авчрах бодлого хэрэгжүүлэхээр болсны нэг
нь энэхүү визний шинэ хувилбар юм. Урт хугацаат визийг гаргаснаар тус улс нь
дор хаяж гадаадын 50 мянган иргэнд үүнийг олгох аж.
Тэдгээр
иргэд визний өргөдлийг онлайнаар ямар нэгэн шимтгэлгүйгээр өгч болох бөгөөд
хурдан шуурхай үйлчилгээ авах боломжийг нь бүрдүүлнэ хэмээн засгийн газраас
мэдэгджээ. Виз эзэмшигч нь нэг удаадаа 180 хүртэлх хоног Хятадын нутаг дэвсгэрт
байх бөгөөд өөрийн гэр бүл, хүүхдүүдээ хамт авчрах боломжтой аж.Түүнчлэн
Нобелийн шагналтнууд, Олимпийн медальтнууд, дэлхийд алдартай урлагийн
коллежуудын захирлууд, шилдэг эрдэмтэд, санхүүгийн томоохон байгууллагуудын
удирдлагууд, өндөр түвшний их дээд сургуулиудын профессорууд мөн урт хугацааны
визэнд шимтгэлгүйгээр хамрагдах боломжтой болох гэнэ.
Орчуулсан Б.Болормаа