Авлигын асуудлаас болоод өнөөдөр саатуулагдаж байгаа Г.Шийлэгдамба Эрүүл
мэнд, спортын сайдын албан тушаалаас татгалзах өргөдлөө Монгол Улсын Ерөнхий
сайдад хүргүүлээд байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч түүний хүсэлтийг хүлээн
авч, албан тушаалаас нь огцруулахаар болж. Тэгвэл түүний оронд хэн сайд болох
вэ. Энэ асуулт энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг байх болов уу. Квот
ёсоор МАХН-аас Эрүүл мэнд, спортын сайдын суудалд хүнээ тавина. Харин хэн байх
вэ гэдэг нь одоогоор таамаг төдий л байна.
Зарим эх сурвалжууд МАХН-ынхан ЭМС-ын сайдад намын нарийн бичгийн дарга
Ц.Шаравдоржийг дэвшүүлэхээр болсон тухай мэдээлж байна. Ц.Шаравдоржийн хувьд
олон жил төрийн удирдах албан тушаал хашсан туршлагатай хүн. Тиймээс түүнийг
зүтгүүлэх нь зөв гэж үзсэн байж болох юм. Гэвч түүнтэй хуучин Эрүүл мэндийн
яамыг удирдаж байсан Н.Удвал өрсөлдөж магадгүй гэсэн яриа байна. Мөн саяхан
МАХН-д элссэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын нэр ч яригдаад эхэллээ. Түүнээс
гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч байж болох юм гэсэн хувилбар байгаа аж. Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, спортын сайдын төлөө
багахан тэмцэл МАХН дотор өрнөж байна гэж харагдаж байна.
Магадгүй намын даргадаа хэн нь илүү
үнэнчээ баталсан нь л сайдын албан тушаалд очих визээ даруулах байх гэсэн
таамаглалууд байна.
Г.Шийлэгдамба гэнэт асуудалд орсноор МАХН-д Эрүүл мэнд спортын сайдаас
гадна намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ гэсэн асуудал гарч
ирээд байгаа. Уг нь Н.Удвалыг сайдын суудлаас буумагц намын Ерөнхий нарийн
бичгийн даргаар томилно гэж таамаглаж байсан ч тийм томилгоо хийгдсэнгүй.
Эндээс Н.Энхбаяр Н.Удвал тийм их итгэл хүлээлгэхгүй бололтой гэж харагдаж
байна. Харин Ж.Сүхбаатарт энэ албан тушаалыг өгч магадгүй гэх мэдээлэл их
цацагдах боллоо.
Ж.Сүхбаатар МАН-аас гарч, МАХН-д элсэхийн тулд ийм тохироо хийсэн ч байж
болох юм. Гэхдээ өөрөө энэ мэдээллийг үгүйсгэж, ямар нэгэн албан тушаал горилож
бус итгэл үнэмшлээрээ МАХН-д элслээ гэж тайлбарлаж байгаа. Гэвч цаг яаж
эргэхийг тэнгэр л мэдэх байх.
Ямартай ч МАХН-д Эрүүл мэнд спортын сайдаас гадна, намын Ерөнхий нарийн
бичгийн даргаа тодруулах хүндхэн асуудал тулгараад байна.
А.Аюуш