Фэйсбүүк хуудас ирэх гуравдугаар сарын 15-нд хаагдах тухай мэдээлэл цахим орчинд тархаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. Энэ тухай анх \”Weekly World News\” нийтэлж, Марк Цукерберг сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдэл хийсэн мэтээр ярьж байна. Харин энэ мэдээлэл нь худал зүйл болохыг мэдээллийн технологийн аюулгүй байдлын \”Sophos” компани анхааруулав.
Тус компанийн ахлах зөвлөх Грахам Клули \”Фэйсбүүк хаагдахгүй учир гэрэл зургуудаа нөөцөлж хадгалах шаардлагагүй. Энэ үйл явдал интернэтээс уншсан мэдээлэл бүрдээ итгэж болохгүй гэдгийг бидэнд харууллаа. Гэмт хэрэгтнүүд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд интернэтээр хүмүүсийг төөрөгдүүлж, хортой мэдээлэл буюу спам тараах явдал газар авч байна. Хортой программаас үүдэлтэйгээр хүмүүс хувийн мэдээллээ алдаад зогсохгүй нийгэмд асар их сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн мэдэгджээ.
Харин Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг 2018 онд бид хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цаг хугацааг багасгахад анхаарч ажиллах талаар мэдэгдсэн байна.Тодруулбал энэ долоо хоногоос хэрэглэгчийн мэдээний талбар /news feed/ дээр ташаа мэдээлэл цацдаг байдлыг болиулж, тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж зөвхөн эх сурвалжийн мэдээллийг оруулдаг болох юм байна. Үүний тулд танд харагдаж буй видео мэдээ, пост, зурагтай мэдээллийг таны фэйсбүүкийн мэдээллийн талбар дээр харагдах эсэхэд шүүлт хийх арга барилаа өөрчлөх аж. Бид фэйсбүүк хэрэглэгчдэд мэдээллээ шуурхай түгээх боломжийг олгосон ч үндсэн зорилгоосоо хазайж байгаа учир улам хүчээ авахаас нь өмнө энэ асуудлыг шийдэхээс аргагүй болж байна гэдгийг Марк Цукерберг онцолжээ.