Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэхь \”Роял Кэстл” орон сууцны хорооллын 12 давхараас нэг залуу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны 1-р сард гарч байсан билээ. Хэргийн газарт очсон БЗД-н цагдаагын хоёрдугаар хэлтэсийнхэн талийгаачийн үсэрсэн байранд ороход 10 гаруй залуу байсан бөгөөд мөн тэдгээр залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байв.
Гэвч тухайн үед эд мөрийн баримт олдохгүй байсан учраас ЦЕГ-ын сургалтын төвөөс хар тамхины чиглэлээр бэлтгэсэн хоёр ч нохойг сургагчдийнх нь хамт дуудан шалгалтаа үргэлжлүүлж, тэдний мансууруулах бодис татахдаа хэрэглэсэн гаанс, уут зэргийг нь далд газар нуусан байсныг олж, эд мөрийн баримт болгон хураан авсан ажээ.
Нас барсан залуу нь олны танил жүжигчний хүү, нэгэн рок поп хамтлагийн гишүүн байсан юм байна. Тухайн үед уг хэрэг гарах үед тэнд байсан 12 хүний шээснээс авсан шинжилгээгээр олонх нь \”мөс” хэмээх мансуурлах төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж, ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтсээс тэдгээр залууст эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Бүтэн жил шахам шалгасан уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар саяхан сэтгүүлчид прокурорын байгуулгийн эх сурвалжаас лавлахад \”Өнгөрсөн оны 1-р сард гарсан уг хэргийг шалгаж дуусаад нэр бүхий 10 гаруй хүнийг гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Батулгийн хүү Б.Хүлэгүд холбогдох хэргийг тусгаарлачихаад хавтаст хэрэгт нь хяналт тавьж байгаа, одоо прокурорын шүүгээнд байгаа” гэсэн хариулт өгсөн байна. Албан бус мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгү нь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд явсан байж болзошгүй учраас ийнхүү шийдвэрлэсэн гэх мэдээлэл байгаа юм байна.