Монголын залуучуудын холбооноос үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Дээлтэй сэлфи” фото зургийн уралдаанд 755 оролцогч өөрийнхөө үндэсний хувцас, хэрэглэл, дээлээ өмссөн зургаар оролцлоо. Монгол өв соёл, уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалахад залуу үеийн оролцоо хамгийн чухал. Бид үндэсний хувцсаа байнгын хэрэглээ болгох нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж юм.
Оролцогчдын ирүүлсэн үндэсний хувцастай зурагнаас харахад үндэсний дээл, цамц, хүрэм, гутал хэрэглэл зэргийг шинэ загвартайгаар хийж зөвхөн баяр ёслолын үеэр хэрэглэдэг биш байнгын хэрэглээ болгон хэвшүүлж байгаа нь ажиглагдлаа мөн Монголын дизайнерууд ч өөрсдийн үндэсний брэндийг дэлхийн томоохон загварын наадмуудад танилцуулж эхэлж байна. Тиймээс үндэснийхээ хувцсыг хэрэглэж байгаа хүмүүсийг сонин содоноор хардаг үе өнгөрч харин ч дэмждэг бахархдаг хандлага ирж байгааг онцолж байна.
Залуучуудад “Дээлтэй сэлфи” уралдаан нь Үндэсний өв соёлоо бахархан дээдлэх сэтгэлгээг төрүүлж, үндэсний хувцсаа байнгын хэрэглээ болгох хүслийг төрүүлж чадсан хэмээн найдаж байна. Монгол хүн бүр үндэсний дээлээ урлаж өмсөх боломжтой. Бидэнд тийм чадвар байгаа, Бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэнтэй холбогдуулан залуу хүн бүрийг бүтээлч байхыг уриалж байна. Бүтээлийг хүслээр эхлүүлдэг, хүн бүр хүсэх юм бол болох үгүй, мэдэх үгүй бүтээх үгүй зүйл гэж үгүй билээ залуучууд бидний бүтээдэг, мэддэг, болгодог үе иржээ.